logo
Эвсэл дундыг баримталж, хоёр нам халзагнав

Эвсэл дундыг баримталж, хоёр нам халзагнав

2012/09/05
Ээлжит бус чуулганы хуралдаанаар Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг хугацаа алдалгүй хэлэлцэн батлах шаардлагатай. Эс бөгөөс сонгууль хуучин тогтолцоогоороо, үгүй бол цаг хугацааны хувьд хэтэрхий орой зохион байгуулагдах болоод байгаа юм.

Хуулийн төслийг МАН-аас бусад намын гишүүдийн төлөөлөл нийлж, нэгдэн боловсруулсан тул асуудал гарахгүй хэмээн АН-ынхан ам бардам байсан. Харамсалтай нь, Шударга ёс эвслийнхэн зангаа хувиргаснаас болж асуудал дэгдэв.

Түүнчлэн УИХ дахь бүлэгтэй эсэх нь тодорхойгүй байгаа МАН улс төрийн бусад нам эвсэлтэй нэгдсэн хуулийн төслийг эсэргүүцэхээ зарласан. Ямартай ч, МАН-ын гишүүд чуулганы хуралдаанд оролцож байр сууриа илэрхийлж, сөрөг хүчний байр суурьнаас хяналтаа тавьж эхэллээ.

Өчигдрийн хуралдаанаар дээрх хуулийн төслийг хэлэлцэх үеэр МАН-ын гишүүд мөн бүлгээ “нэхэмжилж” ардчиллыг уландаа гишгэгчид хэмээн АН-ыг тодотгосон. Цөөнхийн бүлгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь аливаа асуудлыг өөрийнхөөрөө шийдвэрлэх гэсэн увайгүй үйлдэл гэдгийг МАН-ын дарга Ө.Энхтүвшин онцлов. Тиймдээ ч ирц хангалтгүй байхад хуралдааныг нээсэн хэмээн шүүмжиллээ.

Тэрбээр “УИХ-ын чуулганыг 29 гишүүнтэй нээсэн атлаа 56 гэж хэлж болох уу. Үүнд хатуу хяналт тавина. Сонгуульд оролцоогүй бол төрийн албанд орохгүй гэнэ. Энэ бол АН-ыг сонгохгүй бол төрийн албанд орохгүй гэсэн үг. Ийнхүү албадаж байгаа явдал нь эрүүгийн хуулийг зөрчиж байна. Машинаар тоолох ажлаа хийж амжих уу. Нэр дэвшигч нь тодорсоны дараа санал тоолох хуудсаа хийнэ. Амжих уу. МАН-ын бүлэг байгуулахгүй байгаа нь бидний оролцоогүйгээр АН өөрсөддөө таарсан хууль санаачилна гэсэн үг” гэлээ.

Харин УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл “Засаг захиргааны байгууллага дээр баг, хороог оруулахаар механик юм болно. Малчид өвөлжөөндөө буугаад уул хадаар явчихдаг. Энэ хүмүүсийг яах юм” гэсэн бол Ж.Энхбаяр гишүүн “Хүний эрхийн үндсэн асуудал алдагдана. Иргэний эрхээ хамгаалах эрхийг хязгаарлаж байна. Төрийн албанд орохыг нь хориглоно гэдэг нь байж боломгүй заалт. Ардчилсан нэртэй нам хэрнээ бүх зүйлийг эсрэгээр хийгээд байх юм. Итгэл төрөөгүй хэд хэдэн тойрог байхад бид эргэж яаж сонгуульдаа орох юм” гэв.

Мөн С.Бямбацогт “Олон зүйлээр ухарсан, хойшилсон хууль болох нь. АН-д л ашигтай төслийг оруулж иржээ. Монгол Улсын хуульд хүн сонгох, сонгогдох эрхтэй болохоос үүрэгтэй гэж заагаагүй. Мөн Орон нутгийн сонгуульд заавал санал тоолох машин ашиглах хэрэг байна уу. Хэрэв тэгнэ гэвэл өнгөрсөн сонгуулийн будлианыг нэг тийш нь болгох хэрэгтэй” гэхчлэн МАН-ын гишүүд хуулийн төсөлд шүүмжлэлтэй хандаж, засаж, залруулах шаардлагатай гэж үзлээ.

Улмаар орон нутгийн өөрөө удирдах ёсыг улстөржүүлж, намчирхах үзэл рүү түлхлээ гэх шүүмжлэл ч гишүүдийн амнаас цухалзсан. Тэр дундаа сумдын ИТХ-ын төлөөлөгчийн гуравны нэг хүртэлхийг намын нэрээр сонгох нь буруу алхам, энэ заалтыг өөрчлөх ёстой гэв.

Хууль санаачлагчдын нэг УИХ-ын гишүүн Р.Бурмаа тэдэнтэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж, “Чөлөөт сонгууль бол хэний ч төлөө саналаа өгөхгүй байхыг хэлнэ. Гэхдээ эргээд хариуцлагыг бий болгож байгаа юм. Засаг дарга нар иргэдийн нэрийн жагсаалт гаргахдаа будилаантуулдаг. Хуучин шигээ саналыг будилаантуулдаг аргаа хэрэглэх гээд байгаа болохоороо та нар ингэж гуйвуулж яриад байгаа шүү дээ” хэмээн уцаарласан.

Түүнчлэн Орон нутгийн сонгуулийг эрт явуулж болох ч цахим үнэмлэхний асуудлаас болж удааширч байгааг энэ үеэр тодотгосон юм. Иймээс УБЕГ-ын мэдээллийг сонссон. Албаны хүний яриагаар “Өнөөдрийн байдлаар 1.2 сая цахим үнэмлэх хэвлэсэн гэнэ. Аравдугаар сарын 1-н гэхэд цахим үнэмлэх хэвлэж дуусгахаар ажиллаж байгаа аж. Улмаар аравдугаар сарын 25-нд цахим үнэмлэх тарааж дуусахаар төлөвлөжээ.

Харин СЕХ-ноос өгсөн мэдээллээр автоматжуулалтын горимыг өөрчлөхгүйгээр орон нутгийн сонгууль явуулж болно. Гэвч саналын хуудсыг хэвлэхэд хугацаа шаардлагатай гэлээ. Хачирхалтай нь, Шударга ёс эвслийнхэн хуулийн төслийн талаар байр сууриа илэрхийлсэн. Гагцхүү завсарлага авсан шалтгаанаа цагаатгах гэсэн шиг бүлгийн гишүүд хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн талаар Н.Батцэрэг учирлав.

Өмнөх өдөр нь эвслийн бүлэг хуралдаж, хуулийн төслийг хэлэлцсэн гэх ч гишүүд нь энэ талаар үг хэлэхээс зайлсхийх болсон билээ. Сураг сонсох нь ээ, АН-тай зөвшилцөл явагдаж байгаа тул энэ талаараа эвслээс сонгогдсон УИХ-ын гишүүдийг ам нээхгүй байхыг үүрэгдсэн гэх. Ажлын хэсэг томилж, хуулийн согогыг эмчлэхээр шийдвэрлэж буйгаа дуулгасан тэд ийн таг дуугүй байсан юм. Харин МАН олонхийн бүлэг парламент дахь бусад улстөрийн намуудтайгаа зөвшилцөж хуулийн заалтыг засах ёстой атал хүч түрэмгийлж шийдвэрлэх гэж байна хэмээн эсэргүүцсээр байсан.

Ямартай ч хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн хуралдаанд оролцсон 60 гишүүний 36 нь дэмжснээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ. Мөн өдрийн хуралдаанаар Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв.

Хуулийн төсөлд аймаг, сум, дүүргийн Нийгмийн даатгал, Халамжийн газрын удирдлагыг төвөөс нь шууд томилдог байхаар тусгасан нь мөн л гишүүдийг хоёр талцахад хүргэсэн. Одоогийн байдлаар тухайн шатных нь Засаг даргатай зөвшилцөж байж уг газруудын удирдлагыг сонгодог. Гэвч энэ тогтолцоо нь төрийн байгууллага улстөржих, тэр тусмаа мэргэжлийн багаар хангах хүний нөөцийн бодлогыг алдагдуулах, дунд нь өмч хөрөнгө шамшигдах, тэр дундаа халамжийн чиглэлээр хэрэгжүүлж ирсэн олон улсын байгууллагын төслийн үр шимийг Засаг дарга нарт ойрхон хамаатан садан, танил тал нь авах зэрэг гажуудлыг бий болгож байна хэмээн өөрчлөхөөр шийдвэрлэсэн тухай төсөл санаачлагчид танилцууллаа. Гэвч МАН-ын гишүүд босоо удирдлагатай болгосноор төрийн байгууллага улстөржих хөрс суурийг нь засч өгсөн үйлдэл болно хэмээн шүүмжиллээ.

Тухайлбал, гишүүн Н.Энхболд “АН-ын гишүүд гурван сарын өмнө арай өөр зүйл ярьдаг байсан. Одоо тэгтэл байр суурь нь 180 градус эргэчихлээ. Төслийг дэмжих бололцоо алга. Төрийн байгууллагыг мэргэжлийн багаар бүрдүүлж, хүнд суртлыг арилгая гэж байгаа бол удирдлагыг сонгох тогтолцоо одоогийнхоороо үлдэх ёстой” гэв.

Харин Д.Хаянхярваа “Энэ хуулийг үзээд гайхаж байна. Олон жил орон нутгийн эрх мэдлийг өргөжүүлье гэж Ерөнхийлөгч ярьсан. Төрийн тэргүүний үг хаагуур нь алга болчихов. Чоно борооноор гэгчээр... Тэр аймгийн агентлагийн даргыг сайд нь томилно гэдэг утгагүй. Энэ байдлаараа аймгийн ЗДТГ-ын үйлчлэгчийг сайд нь томилох нь. Ийм шинэчлэл гэж байдаггүй юм” гэв.

Л.Нинжсэмжид
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш