Өнөөдрөөс яг 40 жилийн тэртээ Мюнхений олимпийн наадмын үеэр 1972 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Палестиний “Хар есдүгээр сар” террорист байгууллагын гишүүд Израилийн олимпийн шигшээгийн 11 гишүүн болох 4 дасгалжуулагч, 5 тоглогч болон 2 шүүгчээс гадна баруун германы нэг цагдааг хөнөөсөн байдаг.
Дайны үеийн Германы милитарист дүр төрх, ялангуяа 1936 оны олимпийг нацист дарангуйлагч Гитлер суртал ухуулгандаа ашиглахыг хичээж байсан дурсамжийг арилгахын тулд Баруун Германы олимпийн хороо Олимпийн тосгонд нээлттэй нөхөрсөг уур амьсгалыг бүрэлдүүлэх явдлыг дэмжиж байжээ. Тиймээс олимпийн тосгоны аюулгүй байдлын дэглэмийг зориуд сулруулснаар тамирчид тосгондоо үнэмлэх бичгээ үзүүлэлгүйгээр чөлөөтэй орж гарах нөхцлийг бүрдүүлсэн гэдэг. Олон ч тамирчин хянан нэвтрүүлэх цэгийг тойрч тосгоныг тойруулан барьсан хашааг зүгээр л даваад орчихдог байж.
Мюнхенд хүрэлцэн ирэхэд нь ямар ч зэвсэглэсэн хамгаалалт байхгүй байсан нь Израилийн төлөөлөгчдийн тэргүүн Шмуэль Лалкинийг түгшээж байжээ. Тэгээд ч тэдний багт гаргаж өгсөн жижигхэн байшин нь олимпийн тосгоноос нэлээд захдуу, яг хаалганы хажууд байсан нь түүнийг гайхшруулсан аж. Энэ нь гаднаас довтлоход тун дөхөм болно гэж тэрбээр үзсэн боловч Германы эрх баригчид "Израилийн багийн хувьд аюулгүй байдлын онцгойлсон арга хэмжээг авах болно" хэмээн тайвшруулж байсан гэдэг.
Энэ 2012 онд 40 жилийн дараа Германы "Der Spiegel" сонин нэгдүгээр нүүрэндээ ХБНГУ-ын эрх баригчид тухайн үедээ Бейрут дэхь мэдээлэгчээсээ палестинчууд олимпийн наадмын үеэр үймүүлэх гэж байгаа талаар анхааруулгыг хүлээн авч байсан талаар анх мэдээлсэн байна. Тэр үед Германы Гадаад хэргийн сайд аюулгүй байдлыг сахин хамгаалахын тулд “бололцоотой бүх арга хэмжээг авахыг” анхааруулсан аж. Гэтэл эрх баригчид энэ сануулгыг үл ойшоон, энэ талаар хэзээ ч дурсаагүй байдаг.
40 жилийн тэртээх есдүгээр сарын 5-ны энэ өдрийн өглөө 4:30 -д тамирчдыг унтаж байхад нь спорт хувцас өмссөн “Хар есдүгээр сар”-ын 8 гишүүн тосгоны хашааг даван орж ирээд цүнхнээсээ Калашниковын автомат, ТТ гар буу болон гранатууд гарган зэвсэглэсэн байна. Ингээд тэд 9 хүнийг барьцаалан авав.
Хожим нь тэдгээр террористууд нь Ливан дахь дүрвэгсдийн лагериас гаралтай палестиний федаинууд байсан нь тогтоогдсон байна. Хаа очиж Израилийн багийнхантай хамт нэг байранд байсан Уругвай, Хонконгийн тамирчдаас хэн нь ч хохирсонгүй.
Израилийн ерөнхий сайд Голда Меир бусад улс орнуудад “манай иргэдийг аврах, үгээр илэрхийлэхийн аргагүй гэмт хэргийг шүүн шийтгэхийг” уриаллаа.
Харин террористууд 12 цагаас өмнө Израильд хоригдож байгаа 234 палестин хүнийг суллан Египет рүү чөлөөтэй гаргах, баруун Европт хоригдож буй 16 хоригдлыг суллахыг шаарджээ. Шаардлагыг эс биелүүлэх аваас 12 цагаас хойш цаг тутамд нэг барьцаалагдсан хүнийг хороохоор сүрдүүлсэн байна. Харин тухайн үед израильчууд ямар ч тохиолдолд террористуудтай хэлэлцээр хийхээс татгалзаж, хэрвээ хэлэлцэн тохиролцож нэг л удаа буулт хийх аваас дараа дараагийн халдлагууд гарах болно гэж үзэж байлаа. Иймд террристуудтай ямар ч гэрээ хэлэлцээр хийхгүй гэдгээ шууд мэдэгдэв.
Харин германчуудын хувьд барьцаалагдсан хүмүүсийн асуудал онцгой хүнд байсан бөгөөд учир нь тэд бүгдээрээ жүүдүүд байсан явдал юм. Иймээс тэд барьцаалагчдад асар их мөнгө амлаж, жүүд хүн бүрийг өөрийн өндөр албаны хүнээр солих санал тавьж байж. Тэр бүү хэл олимпийн тосгоны дарга Вальтер Трёгер, баруун Германы олимпийн хорооны ерөнхийлөгч Вилли Дауме, Баварийн Дотоод хэргийн сайд Бруно Мерк нараар барьцааны хүмүүсийг солих санал тавьсан ч зөвшөөрөөгүй гэдэг.
Энэ үеэр олимпийн тоглолтууд болдгоороо л болж байсан хэдий ч эхний тамирчныг хороосны дараа олимпийн тоглолтыг 12 цагаар зогсоосон байна. Дараа нь террористууд өөрсдийгөө Каир руу онгоцоор хүргэхийг шаардах болжээ. Мөн онгоцны буудал руу хүргэх автобус болон нисдэг тэрэг шаардлаа.
Ингээд л кинонд гардаг шиг адармаатай явдал болсны эцэст террористууд цагдаагийнхантай буудалцаж, барьцаалагдагчдыг хөнөөсөн байдаг. Харин дэлхий даяар энэ явдлыг нэвтрүүлэхдээ эхэндээ "барьцаалагдагсад бүгдээрээ амьд мэнд, харин террористууд бүгд алагдсан" гэж байжээ.
Үйл явдал өндөрлөсний дараа ХБНГУ-ын канцлер Вилли Брандт Ливийн удирдагч Муамар Каддафийн шаардлагаар түүнд алагдсан 5 террористын цогцсыг өгсөн байна. 30 мянган хүн оролцсон “Палестиний ард түмний баатрууд”-ын оршуулах ёслолд Каддафи өөрөө тэргүүлэн оролцсон бөгөөд өөрийн биеэр Ясир Арафатад 5 сая доллар гардуулсан өгчээ. Харин амьд үлдсэн террористуудыг Израилийн засгийн газар хүлээлгэн өгөхийг шаардсан хэдий ч Брандт тэднийг ХБНГУ-д шүүнэ хэмээн хариу мэдэгдэв.
Мөн 8-ны өдөр Израилийн нисэх хүчин Палестинийг чөлөөлөх байгууллагын 9 баазад агаараас цохилт өгсөн нь 200 гаруй хүний аминд хүрсэн байдаг. Энэ явдлаас хойш Германд терроризмтэй тэмцэх тусгай анги GSG-9 байгуулагдлаа.
Ийнхүү анх удаа орчин цагийн олимпийн түүхэнд тэмцээнийг зогсоож, 6-ны өдөр олимпийн стадионд бүрлээчдийн дурсгалыг хүндэтгэх ёслолыг үйлдсэн бөгөөд түүнд талийгаачдын гэр бүлийг төлөөлөн Андре Шпицерийн бэлэвсэн гэргий Анки, Моше Вайнбергийн ээж болон үеэл дүү Элиаш нар оролцсон байна. Гэвч энэ үеэр Элиашийн зүрхний өвчин хүндэрч газар дээрээ нас баржээ. Энэ ёслолд ЗХУ-аас бусад бүх орны тамирчид оролцсон гэдэг.
Вилли Брандтын хүсэлтээр энэ үеэр олимпийн далбаа болон ихэнх оролцогч улсын төрийн далбааг буулгасан боловч арабын 10 орон төрийнхөө далбааг буулгахын эсэргүүцсэнээр далбааг нь тэр даруй дахин өргөж байж. Улмаар олимпийн наадмын үлдсэн тоглолтуудыг зогсоож, наадмыг хаах асуудал яригдсан хэдий ч эцэстээ олимпийг үргэлжлүүлэхээр шийдсэн байна. Израилийн засгийн газар болон үндэсний олимпийн хороо нь ч энэ шийдвэрийг дэмжжээ. Ийнхүү олимпийн бүхий л түүхэнд ганцхан удаа наадам нэг өдөр завсарласны эцэст ОУОХ наадмыг дахин үргэлжлүүлэн явуулсан аж.
Харин талийгаачдыг дурсан буян үйлдэх ёслол өндөрлөсний дараа тэр өдрөө л Израилийн бүх тамирчин наадмыг орхин Мюнхенээс явжээ. Маргааш нь буюу 7-ны өдөр өсөө хонзогнолоос эмээсэн Египетийн баг олимпийг орхих нь тэр. Түүнчлэн Филиппин, Алжирийн баг, Голланд, Норвегийн зарим тамирчид наадмыг орхин явжээ.
Дөрвөн жилийн дараа Монреальд ээлжит олимпийн наадмын нээлтийн ёслолд Израилийн баг орж ирэхдээ төрийн далбаандаа гашуудлын тууз зүүсэн байжээ.
Харин Израилийн Моссад алба "Бурханы хилэн" ажиллагааг хариуд нь явуулснаар нисэх буудалд амьд үлдсэн хоёр террорист болох Мохаммед Сафади, Аднан аль-Гашин нарыг устгасан аж. Зөвхөн Абу-Дауд л өөрийнхөө үхлээр үхсэн байна. Эхнэртэйгээ хамт тэтгэвэрт гартлаа амьдарсан Абу-Дауд "Мюнхений операц нь Арафатаас дэмжлэг хүлээсэн" хэмээн мэдэгдсэн байдаг. Тэрбээр 2010 оны 7 дугаар сарын 3-нд 73 настайдаа бөөрний дутагдлаар нас баржээ.
С.Амар