logo
Карпов хоригдлуудтай шатар тогложээ

Карпов хоригдлуудтай шатар тогложээ

2012/09/06
Дэлхийн шатрын аваргын титмийг хүртэж байсан Анатолий Карпов өчигдөр Оросын хоригдлуудтай арав дахь удаагаа интернэт тоглолт зохион байгуулжээ.
Өнгөрсөн 10 жилийн хугацаанд тэрбээр нэг ч удаа хожигдож байгаагүй бөгөөд тоглолт бүрд нэгээс хоёр удаа хайнцаж байсан гэж ОХУ-ын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын засан хүмүүжүүлэх газрын дарга Борис Сушков тоглолт эхлэхийн өмнө ярьсан байна. "Одоо тэрбээр Орос болон Америкийн хоригдлуудын хооронд сүлжээгээр тоглолт зохион байгуулахаар төлөвлөж байгаа" гэж Сушков хэлжээ. Харин дэлхийн аварга асан ярихдаа "манай улсад хэрэгжүүлдэг шатрын зэрэг тоглолт зохион байгуулах хөтөлбөр нь маш сонирхолтой бөгөөд үүнийг Бразил, Украин, Чили улсууд хоригдлуудын дунд тоглолт явуулахдаа ашигладаг" гэсэн байна.
"Гуравдугаар сард бид АНУ-ын шоронгуудад энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд нэгэн зэрэг 200 хоригдолтой тоглосон. Цаашид хөтөлбөрөө улам өргөжүүлэх болно" гэж Карпов ярьжээ.
Карповын санаачилгаар хэрэгжүүлж буй шатрын зэрэг тоглолт зохион байгуулах хөтөлбөр нь хоригдлуудыг хүмүүжилд маш чухал ач холбогдолтой гэж Холбооны Шийдвэр гүйцэтгэх газрын /ХШГГ/ даргын үүрэг гүйцэтгэгч Владислав Цатуров дүгнэж байна. "Анхны тоглолтыг арван жилийн өмнө Тверьт зохион байгуулж байсан бөгөөд жил бүр зохиогдож байгаа. Хоригдлууд тоглолт болох өдрийг тэсэн ядан хүлээдэг" гэж тэрбээр ярилаа.
Өчигдөр болсон тоглолтыг ХШГГ-ын мэдээллийн танхимаас удирджээ.
Тоглолтод Удмурт, Красноярск, Примор болон Ставрополийн хязгаар, Волгоград, Рязань, Свердловск мужууд, Санкт-Петербург хот болон Ленинград мужийн засан хүмүүжүүлэх газарт ял эдэлж байгаа 8 хоригдол оролцсон байна.
Д.Жаргал

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш