logo
Владимир Путин тогоруутай хамт  тэнгэрт дүүллээ

Владимир Путин тогоруутай хамт тэнгэрт дүүллээ

2012/09/10
Владимир Путины хувьд Орос орныг Кремлээс захиран суух нь хангалттай биш бололтой. Тэрээр өнгөрөгч лхагва гаригт зав зайгүй их ажлаасаа түр завсарлага авч, салхинд гарах үеэрээ хөнгөн моторт онгоцоор нисчээ. Путин амьтны хүрээлэнд өсгөсөн Сибирийн зургаан тогорууг дагуулан ниссэн нь тэднийг нүүдэллэж сургах, эх байгальд нь дасгах зорилготой байсан байна. Гэхдээ онгоцыг түүний ард суусан эр голцуу жолоодсон гэнэ. Путин 10 гаруй жил Оросын хамгийн өндөр дээд албан тушаалуудыг хаших хугацаандаа байгальд хайртай хүн гэсэн имижийг бүрдүүлэхийн тулд энэ мэт ажиллагаануудад цөөнгүй оролцож байсан юм.

Тэрээр газардсаныхаа дараа хэлэхдээ "Тогоруунууд онгоцноос айхгүй байна, бүр илүү хурдан нисч байсан. Онгоц руу ойртож байсан. Тэд дөнгөж гурван сартай ч маш том болсон байна" гэжээ.

Оросын царь гэгддэг Путин анх удаа "олон талын" чадвараа харуулсан нь энэ биш юм. Тэрээр 2010 оны 11-р сард ойрсуулах тариатай сумаар бар буудсан. Мөн туйлын цагаан баавгайн хүзүүнд сигнал дамжуулдаг хүзүүвч зүүсэн юм. Путин түүнчлэн усны гүнд шумбаж, эртний олдвор олсон тухай мэдээлэл цацагдаж байсан. Гэхдээ хожим нь уг олдворыг Путинд зориулж өмнө нь зориуд байрлуулсан байсныг түүний төлөөлөгч хүлээн зөвшөөрчээ. Өөрөөр хэлбэл олдвор олсон явдал нь жүжиг байсан гэхэд болно. Оросын ерөнхийлөгч мотоциклчидтой хамт давхиж, хоёр дугуйтыг муугүй унадаг болохоо ч харуулаад авсан билээ. Энэ мэтээр загасчин Путин, анчин Путин, моринд эрмэг Путин, жудочин Путин хэмээн тоочиж болно. Гэхдээ Путиныг эсэргүүцдэг хүмүүс түүний эдгээр "реклам"-уудыг өөрийнх нь эсрэг онигоо болгож хувиргасан тохиолдол цөөнгүй юм.  
Владимир Путин 10-р сарын долоонд 60 нас хүрнэ. Гэвч тэрээр хийж буй үйдлүүдээрээ нас бол ердөө тоо гэдгийг баталж байна.
Э.АМАР 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш