“Сахал” Пүүжээ бут авах гэнэ” хэмээн түүний шүтэн бишрэгчид тэсэн ядсан сэтгэлээ хуваалцах болжээ. “Нандин эрдэнэ”, “Улаанбаатарын үдэш” зэрг хит дууны эзэн, хүүхэд бүрийн мэддэг “Тавтай нойрсоорой”, поп хатагтай Сараагийн “Мартъя”, Т.Ариунаагийн “Зөвхөн тэр хайрандаа”, С.Сэрчмаагийн “Эрх хонгор сэтгэл”, Харангын Лхагваагийн “Сонголт” киноны дуу гээд олон хит дууг зохиосон хөгжмийн зохиолч, Соёлын тэргүүний ажилтан Г.Пүрэвдоржийг танихгүй хүн ховор. Урлагийн салбарт хэдийнэ өөрийн байр суурийг дархалж, шилдэг гэх дүнг тавиулсан ч тэр бүр олны өмнө өөрийгөө дөвийлгөөд байдаггүй эгэл уран бүтээлчдийн нэг тэрээр энэ олон жил, тэр олон уран бүтээлийн ард гарсан хойноо сая нэг юм уран бүтээлийн тоглолт хийхээр зориг шулуудсан аж. Өнгөрсөн хавраас бие даасан тоглолтынх нь сураг дуулдах болсон ч сонгууль, наадам гээд хойшлогдсоор байсан түүний “Нандин эрдэнэ” нэртэй анхны бие даасан тоглолт энэ сарын 21-нд болох гэнэ. “Улаанбаатар палас”-т болох түүний тоглолтыг “On and Off” продакшн хариуцан ажиллаж байгаа аж. Амьд хөгжмийн хэмнэл дор урлаг, соёлын одод чуулах энэхүү тоглолтоор нь түүнийг ямар зиндааны төгөлдөр хуурч гэдгийг мэдрээд зогсохгүй түүний урын сан хэр зузаан баян болохыг харах нь ээ.
Э.Гэрэл
Э.Гэрэл