logo
Дэлхийн хэвлэлүүд Монголын тухай

Дэлхийн хэвлэлүүд Монголын тухай

2012/09/12
Australian Financial Review сонины сурвалжлагч Лиза Муррейгийн бичсэн нийтлэлийг орчуулан толилуулъя.

Д.Мөнхбат гараагаа эхэлсэн газартаа эргээд иржээ

Дунд сургууль төгссөнийхөө дараа Монголоос явсан тэрбээр эхлээд Польшид, хожим нь Чикаго дахь бизнесийн сургуульд суралцжээ. JP Morgan компанид хэдэн жил ажилласан нь төдий л бүтэмжтэй байсангүй. Ажил хэрэг бүтэмжгүй болонгуут Мөнхбат Улаанбаатарт буцаж ирлээ.
Залуухан захирал тэрбээр өнөөдөр Голомт гэдэг тус улс дахь хамгийн том хувийн банкны харьяа "Голомт секуритиз" үнэт цаасны компанид брокерын салбарыг хариуцан ажиллаж байна.
"Америк бол нэгэн хэвийн уйтгартай, Европ болохоор замбараагүй, тэгэхээр та өөр хаана хөрөнгөө оруулмаар байна вэ?" гэсэн асуултыг тэрбээр өнгөрсөн долоо хоногт Монголын нийслэлд болсон уул уурхайн салбарын чуулга уулзалтын үеэр тавьсан юм.
Мөнхбатын хэлсэн санаа тун энгийн ч нэлээд тулгасан шинжтэй.
Монгол улс эдийн засаг өсөлтийн хурдаараа дэлхийд Катарын дараа орж байгаа бөгөөд өнгөрсөн жил ДНБ нь 17 хувиар өссөн юм.
Тус орны хөрсөн дор алт, зэс, нүүрс зэрэг асар их баялаг байгаа бөгөөд энэ их эрдэс баялаг нь нүүдэлчин бөгөөд ядууралд нэрвэгдсэн улс орныг нөөц баялаг ихтэй хүчирхэг улс болгон хувиргах юм.
6 тэрбум долларын өртгөөр босч буй Рио-Тинтогийн Оюутолгой дахь алт, зэсийн уурхай ирэх оны эхээр бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлж эхэлнэ. Түүнээс гадна Лондонгийн хөрөнгийн бирж Монголын мэргэжил нэгтнүүдтэйгээ хамтран тус улсын хөрөнгийн биржийг шинэчлэн, олон улсын зах зээлд нэвтрэх замыг нь тавьж байна.
Монгол улс хүчирхэгжихэд санаснаас ч хавьгүй урт хугацаа орно гэдэг нь Мөнхбатын нэгэн адил үзэл бодолтой хүмүүсийн хувьд санаа зовоосон асуудал юм. "Дисковер Монголиа" чуулга уулзалтын үеэр тэдний энэ бодол нь улам лавширчээ.
Үүнийг хамгийн өөдрөг бодолтой байгаа уул уурхайн компаниудын захирлууд хүртэл хүлээн зөвшөөрч байна. Шинэ засгийн газар байгуулагдаж, шулуухан яриатай, популист уул уурхайн сайд томилогдсоноор үйл ажиллагаанд нь бэрхшээл саатал гарна гэж тэд үзэж байгаа юм.
Тун хэврэг байгаа эрх баригч эвсэл гадны хөрөнгө оруулагчдад одоогийн хууль эрх зүйн орчны талаар тодорхой ойлголт өгөхөөсөө өмнө хууль эрх зүйн зүйн хувьд дутуу дулимаг байгаа олон зүйлийг цэгцлэх хэрэгтэй болоод байна.
Дахин шинээр гадаадын хөрөнгө оруулалт, ашигт малтмал, үнэт цаас болон газрын тосны тухай хууль батлахаас гадна тус улсын засгийн газар ашиглалтын лиценз олгоход тавьсан хоригоо яах вэ гэдгээ шийдэх ёстой юм. Түүнчлэн, асар их хүлээлт үүсгээд байгаа Тавантолгойн 3 тэрбумын хувьцааг гаргах гээд хөл нь тушаатай байна. Хувьцаа гаргах асуудал ирэх оны 2 дугаар улирал хүртэл хойшлогдоод байгаа юм.
Түүний сацуу, зарим улс төрчид Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг эргэн авч үзэхийг уриалжээ. Энэ баримт бичиг бол ирээдүйд хэрэгжүүлэх төслүүдийн хувьд маш чухал үлгэр загвар болох бөгөөд өнгөрсөн жил гадаадын хөрөнгө оруулалтыг хурдасгасан билээ.
Нэг талаас, засгийн газрын зүгээс гадаадын уул уурхайн компаниудтай хийж буй хэлцээний үеэр санаачилгыг гартаа аваад байгаа гэдгээ сонгогчдод харуулах хэрэгтэй болж байна.
Гэтэл нөгөө талаас, засгийн газрын хувьд үйл явцыг урагшлуулан гадаадын хөрөнгө оруулагчдыг татах байх хэрэгтэй, учир нь түүнд төслүүдийг дангаараа хэрэгжүүлэх мөнгө хийгээд туршлага байхгүй юм.
Сүүлийн саруудад уурхайн компаниуд томоохон, ярвигтай төслүүдээ хумиж байгаа үед энэ нь бүр ч чухал болоод байна.
Үүний зэрэгцээ, засгийн газар дотооддоо асуудалтай байна. Эрх баригч эвслийн намуудын нэгнийх нь удирдагч болох Н.Энхбаяр авлигын хэргээр 2 жилийн хорих ялаар шийтгүүлжээ. Олон улсын авлигын индексээр Монгол улс 183 орноос 120-д буюу Иран болон Бангладештай нэг дор бичигджээ.
Хэрэв сайн удирдаж чадваас эрдэс баялгийн салбарын хөгжил нь Монголыг Катартай нэгэн адил дунд орлоготой орнуудын эгнээнд оруулах бол муу удирдлага Нигерийн замаар оруулах юм. Нигери улс авлига болон мөргөлдөөний улмаас 1970 оны үед цэцэглэсэн газрын тосны "бум"-аас ашиг хүртэж чадаагүй билээ.
Эрдэс баялгаас олох ашгаа илүү тэнцвэртэй хөгжлийг хангахад зориулах нь төвөгтэй асуудал, чухал сорилт болоод байна.
Улаанбаатарт өндөр барилгууд, тансаг худалдааны төвүүд босч, хотын төвд Луи Уитоны дэлгүүр байдаг бол захаар нь гэрүүд дүүрэн байна. Хүмүүс ажил хайн бөөн бөөнөөрөө хотод ирсээр. Нийслэлийн замууд түгжрэлтэй бөгөөд өсөн нэмэгдсээр байгаа хотын хүн амд ус болон цахилгаан дөнгөж хүрэлцэх төдий. 1998 оноос хойш хотын хүн ам 2 дахин өсч 1,3 саяд хүрсэн нь монголчуудын бараг тал хувь нь юм.
Оюутолгойн бүтээн байгуулалт тус орны эдийн засгийг чирч яваа бөгөөд ид оргил үедээ 15 мянган ажлын байр бий болгож байгаа билээ.
Бусад салбаруудад ч дэвшил гарсаар байна. Хэрвээ үнэт цаасны тухай хуулийг амжилттай баталваас энэ нь санхүүгийн үйлчилгээний томоохон салбарыг бий болгох үндэс суурийг тавих юм.
Фермерийн аж ахуй хөгжүүлэх, ноолуурын брэндийг түгээх, хөдөө аж ахуйг дэмжих, тухайлбал, адууны махны экспортыг нэмэгдүүлэхийн тулд эрүүл ахуйн асуудлыг зохицуулах гэх мэт олон ажил байна.
Монголын төв банкны дэд ерөнхийлөгчийн ярьснаар, нэг хүнд ногдох орлогыг нэмэгдүүлэх, нийгмийн дунд давхаргыг бэхжүүлэх нь улс төрийн шийдвэр гаргагчдын гол зорилт ажээ. Дундаж давхарга бий болсноор гадаадын хөрөнгө оруулагчдын маш ихээр хүсэн хүлээж буй улс төрийн тогтвортой байдал үүснэ гэж тэрбээр хэллээ.
Орчуулсан Б.Адъяахүү

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш