logo
Цөмийн аюулгүй байдлын талаар нухацтай хэлэлцэв

Цөмийн аюулгүй байдлын талаар нухацтай хэлэлцэв

2012/09/15
Монгол Улс нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс хэмээн зарласны 20 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Гадаад харилцааны яам, Геополитикийн хүрээлэн, "Цэнхэр сүлд" ТББ хамтран өнөөдөр "ХХI зуун ба Монгол Улсын цөмийн аюулгүй байдал" сэдэвт үндэсний эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа.
Хурлаар цөмийн зэвсгээс ангид байх Монгол Улсын бодлого, өнөөгийн байдал ба тавьж буй зорилтууд, цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээний ач холбогдол, түүний аюулаас сэрэмжилсэн санал санаачилга, тэдгээрийн хэрэгжилт, цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах салбарын бодлого зэрэг илтгэлийг эрдэмтэн судлаачид тавьж, хэлэлцүүллээ. Энэхүү бага хурлын зорилго нь цөмийн аюулаас ангид байх асуудлыг судалдаг болон цөмийн энергийн салбарт ажилладаг эрдэмтэн судлаачид уулзаж ярилцан, Зүүн хойд Азид цөмийн зэвсэггүй бүс байгуулах, Монгол Улсын цөмийн зэвсэггүй бүсийн статусыг олон улсын хэмжээнд баталгаажуулах, түүнчлэн цөмийн энергийг ашиглах явдал 21 дүгээр зуунд хүн төрөлхтөний өмнө тавигдаж байгаа чухал асуудлын нэг болсны хувьд түүний аюулгүй байдлыг хангахад чиглэгдэж байв. Мөн уг хурлаас хүлээгдэж буй өөр нэг үр дүн бол Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусыг олон улсын гэрээ хэлэлцээрээр баталгаажуулах, тус салбарт баримтлаж буй бодлогыг оновчтой хэрэгжүүлэх, цөмийн шинжлэх ухааны үр өгөөжийг ард иргэдэд хэрхэн хүртэж болох талаар оролцогчдын санал дүгнэлтийг сонсож, төр засгийн удирдлагуудад нэгтгэн танилцуулах явдал гэж зохион байгуулагчид үзэж байлаа.
Манай улс 1992 онд НҮБ-ын индэр дээрээс өөрийн нутаг дэвсгэрийг цөмийн зэвсэггүй бүс нутаг хэмээн албан ёсоор зарласан. Түүний дараагаар 2009 онд УИХ-аар Цөмийн энергийн тухай хууль, Засгийн газраас Монгол Улсын төрөөс цацраг идэвхит ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого зэрэг баримт бичгийг боловсруулан гаргасан байдаг. Манай улс цөмийн зэвсгээс ангид байх статусаа баталгаажуулсан ч цөмийн зэвсэггүй дэлхий түвшинд хэлэлцүүлгийн түвшинд явж байгаа аж. Тухайлбал, энэ оны 8 дугаар сард Женев хотноо болсон цөмийн зэвсэгтэй 5 гүрний төлөөлөгчдийн уулзалтаар манай орны цөмийн зэвсэггүй статусыг албан ёсоор хүлээн зөвшөөрч, хамтарсан тунхаглал гаргасан байна. Уг бага хуралд оролцогчид манай улсыг удахгүй дэлхийн түвшинд цөмийн зэвсэггүй бүс нутаг гэдгийг зарлан тунхаглах цаг ойрхон ирсэн гэдэгт итгэлтэй байгаагаа илтгэлдээ дурдсаны зэрэгцээ энэхүү асуудлаараа бусад улс оронтой хамтарч тууштай арга хэмжээ авах болно гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлж байв.
Б.Туул 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш