Хүн төрөлхтөний эв нэгдэл, энх тайван, итгэл найдварын бэлэг тэмдэг болсон Олимпийн наадам Лондон хотноо амжилттай үргэлжилж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Олимпод оролцож буй эх орныхоо тамирчдыг дэмжихээр Лондон хотноо хүрэлцэн очоод байгаа билээ. Энэ үеэр Олимпийн наадамд хүрэлцэн ирсэн бусад орны төр засгийн тэргүүнүүдтэй уулзаж ярилцаж, санал бодлоо солилцож байна.
Олимпийн наадмын нээлтийн үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Английн Хатан хаан II Элизабеттэй уулзав. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Англи Улс Зуны 30 дугаар Олимпийг амжилттай зохион байгуулж байгаад нь баяр хүргээд , Олимпийн наадмын тухай болон Олимпод оролцож буй монголын тамирчдын тухай ярилцав.
Мөн энэ үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, Олон Улсын Олимпийн хорооны Ерөнхийлөгч Ж.Рогге, Их Британийн Ерөнхий сайд Д.Камерон нартай уулзаж ярилцлаа.
Олимпийн наадмын нээлтийн ёслолын ажиллагаанд хүрэлцэн ирсэн Хатан хааны гэр бүлийн гишүүдтэй мөн уулзаж ярилцсан. Тухайлбал, Хунтайж Чарльз болон , Кембрижийн гүн Хунтайж Уильям, Гүнж Кэйт Мидлтон, Уэльсийн Хунтайж Харри нартай уулзлаа. Хатан хааны гэр бүлийг Монгол Улсад айлчлахыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж урив.
Олимп нь дипломат харилцааны нэгэн чухал индэр болдог. “Лондон-2012” Зуны Олимпийн наадмын нээлтэд 90 орчим төр засгийн тэргүүн , өндөр дээд хэмжээний зочид оролцсон юм. Олимпийн наадмын нээлтийн үеэр эдгээр хүндэт зочид уулзаж ярилцан, санал бодлоо солилцох өргөн боломж нээгдлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдож ХБНГУ-ын Ерөнхийлөгч И.Гаук, Бразилийн Ерөнхийлөгч Д.Руссеф, ОХУ-ын Ерөнхий сайд Д.Медведев, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн Дай Бингуо, , Финландын Ерөнхийлөгч С.Нийнисто,, Казахстаны Ерөнхийлөгч Н.Назарбаев, Италийн Ерөнхийлөгч Ж.Наполитано, Туркийн Ерөнхий сайд Т.Эрдагон, Испанийн Хатан хаан Софиа, АНУ-ын Тэргүүн хатагтай М.Обама нартай уулзаж, хоёр талын харилцааны талаар болон бусад асуудлаар ярилцав.
www.president.mn