logo
Олимпийн эргэн тойронд

Олимпийн эргэн тойронд

2012/07/30
 2012 оныг  эртний маячуудын он тооллын “зөгнөл”-өөс ч илүү хүн төрөлхтний түүхэнд тодоор , бас бодитоор тодруулан үлдээх Орчин үеийн зуны олимпийн ХХХ наадам Английн Лондон хотноо эхэллээ. Замбуулингийн наран доор  энэ л цэнхэрхэн гараг дээрх улс гүрнүүд, үндэстэн  ястан бүгд эв нэгдлээ эрхэмлэн, энх тайван , нөхөрлөлийг дээдлэн Олимпийн Таван цагаригт , эхийн сүү шиг ариухан цагаан тугийн доор спортын дэвжээнээ чин шударгаар  өрсөлдөж, эх орныхоо сүлд, далбааг  даян дэлхийд зарлаж, өөрийн нэр суугаа түүхэнд мөнхөлж байдагт Олимпийн наадмын агуу сүр хүч  орших амой.

Алтан соёмбот далбаагаа Будант Альбион,  Британийн аралд мандуулж, агуу түүхт Монгол Улсынхаа нэрийг  дуудуулахаар манай 29 тамирчин Лондонг зорьсон. Тэднийхээ “дээлийнх нь захыг” мушгиж, унасан ч боссан ч хамтдаа байх өдрүүд Монголчууд бидэнд ирлээ.

Анхны... анхны... анхны...

Олимпийн  наадмын албан ёсны нээлтийн ажиллагаа эхлэхээё өмнө “уламжлал” ёсоор хөлбөмбөгчид тэмцээнээ эхэлсэн. Олимпийн наадамд эрэгтэй 16, эмэгтэй  12 баг өрсөлдөж байгаа бөгөөд “Лондон-2012” Олимпийн анхны “фаакт” эмэгтэйчүүдийн БНАСАУ-Колумбын багийн тоглолтын өмнө гарлаа. БНАСАУ-ын тамирчдыг танилцуулах үеэр Цэнгэлдэхийн том дэлгэцнээ БНАСАУ-ын төрийн далбааны оронд БНСУ-ын төрийн далбааг гаргасан нь Ардчилсан Солонгосчуудын дургүйцлийг төрүүлж, улмаар талбайг орхин одсон. Арга ч үгүй биз. Хэдийгээр нэг үндэстэн ч тэнгэр газар, тэмээ ямаа шиг зөрүүтэй, олон олон жилийн турш, “нөхөрсөг бус” харилцаатай байсаар ирсэн хоёр улсын далбааг хооронд нь хольж сольсрн нь үнэхээр бүдүүлэгээс бүдүүлэг алдаа юм. Эвгүй байдалд өрөөлийг ч оруулж, өөрсдөө ч орсон зорион байгуулагчид БНАСАУ-ын баг тамирчдаас албан ёсоор уучлал гуйж, алдаагаа хүлээн зөвшаарсний дараа буюу бараг цагийн дараа л БНАСАУ-ын хүүхнүүд талбайд эргэн гарч тоглолт эхэлсэн бөгөөд “шар нь хөдөлсөн”  солонгосчууд энэ тоглолтод 2:0-ээр хожсон.

Дашрамд сонирхуулахад Олимпийн хөлбөмбөгийн тэмцээнд эмэгтэйчүүд насны хязгааргүй, хамаг шилдгүүд тоглож болдог бол эрэгтэйчүүдэд зөвхөн 23-аас доош насныхан тоглох журамтай. Гэхдээ 23-аас дээш тоглогч баг тус бүрт 3 байж болох зарчимтай. Эмэгтэйчүүдийн алтын төлөөх гол өрсөлдөөн сүүлийн хоёр олимпод дараалан түрүүлсэн АНУ, өнгөрсөн жил гайхамшигт тоглолтоороо дэлхийн аварга болсон Япон, анхны алтаа авахаар “зэхэж буй” Бразилийн бүсгүйчүүдийн  хооронд өрнөх бөгөөд Франц, Их Британи, Канадын “гэзэгт” хөлбөмбөгчид ч бас “хатуу самар” билээ.

Харин төдийлөн сонирхол татаад байдаггүй эрчүүдийн хөлбөмбөгийн тэмцээн сүүлийн хэдэн олимпод улам үзүүштэй болоод байгаа. 2004, 2008 онд хоёр олимп дараалан аварга болсон Месси тэргүүтэй Аргентиний хөлбөмбөгчид урьдчилсан шатанд бүдэрсэнч , түүхэндээ Олимпийн наадмаас бусад бүхий л тэмцээнд түрүүлсэн Бразилчууд анхны алтаа “гуядаж” авахаар тун хүчтэй бүрэлдэхүүнээ Лондонд ирүүллээ. Ар талд л гэхэд  “Реал .М”-ын Марсело, “МЮ”-ын Рафаэль, экс “Милан” Тиагу Сильва гээд дэлхийн шилгүүд байгаа бол, дунд шугамд хөлбөмбөгийн зах зээл дээр үнэтэй, бас эрэлт ихтэй байгаа  Гансу, Лукас Моура, Оскар, довтолгоонд  нас залуу ч нэр нь хэдийнээ цуурайтаж эхэлсэн Неймар , Пато нарын одод байгаа гээд л бод доо. Тэдэнтэй үалуучуудын бүхий л тэмцээнд түрүүлээд байгаа, Евро—2012-ын аварга Хорди Альба, Хуан Мата , “МЮ”-ын залуу од хаалгач Де Хейя тэргүүтэй Испани, 2010 оны ДАШТ-ий хүрэл медальт , “Бурхны гарт”  Суарез, Кавани тэргүүтэй Уругвай  нилээд өрсөлдөх  болов уу. Хөлбөмбөг рүү “хальтраад” баахан туучихлаа. Одоо “анхны” руугаа эргэн ороё.

“Лондон-2012” ын анхны алтан медалийг эмэгтэйчүүдийн урт бууны 10 м төрөлд  БНХАУ-ын И Сы Лин хүртсэн бол бас нэг нанхиад  охин , 16 настай Е Ши Вэнь усанд сэлэлтийн 400 м холимог   сэлэлтэд энэ олимпийн анхны Дэлхийн рекордыг тогтоолоо.

Харин анхны “азгүйтлийн эзэн” нь олимпийн 14 алтан медальтай, алдар цуут АНУ-ын сэлэгч Майкл Фелпс болов. Тэрбээр 400 м-ийн  холимог сэлэлтэд дөнгөж дөрөвдүгээр байр эзэллээ. Гэхдээ түүнд уралдах зай олон байгаа болохоор бас ч гайгүй ээ.

Анхны “анти” баатар нь Албанийн хүндийг өргөгч Х. Пулаку боллоо. Тэрбээр сэргээш хэрэглэсэн нь шинжилгээгээр “найдвартай” батлагдсан тул олимпийн дэвжээг орхихоос аргагүй болов.

Жүдогийн анхны өдрийн барилдаанд татами дээр  цагаан өмсгөлтнүүдээрээ дэлхийд алдартай Японууд бус , харин хөлбөмбөгийн орон Бразилийн жүдочид илүүрхэж,  алт, хүрэл медаль авлаа.

Манай Монголын жүдочдын “салхийг” хөнгөн жингийн хоёр хагалсан. Д.Төмөрхүлэг, М.Уранцэцэг нарын барилдааны мэдээ хэдийнээ хүрсэн. Энд Урнаагийн тухай хэдэн үг заавал хэлэх ёстой. Урнаа маань хэдийгээр тун сайн барилдаж,  2008 оны олимдийн аваргыг хожиж яваад 11 секундэдоноо алдан, улмаар нэмэлт цаг дуусахаас 6 секунд дутуу байхад  вазари алдан ялагдлаа. Улмаар   торгуулийн барилдаанд  Аргентиний бөхөд ялагдан 7 байр эзлэв. Манайхан аливаа юманд туйлшран хандах дуртай , ялбал сайн гээд, ялагдвал муу гээд л. Уранцэцэг олимпийн аваргаас огтхон ч дутуугүй байсан. Бүүр ялалт тун ойрхон байлаа. Харамсалтай нь тактикийн  маш том алдаа гаргаж, бэлэн ялалтаа тавиад тууж байна. Манай Урнааг ялсан Румын финалд хүрээд мөнгө авсан. Түүний оронд манай бөх зогсож байх боломж бол байлаа. Ашиглаж чадалгүй алдлаа. БАс хэдхэн хором дутуу байхад оноо алдаад байна гэдэг бол туршлага, дээр нь сэтгэл зүйн бэлтгэл дутуу байгааг харуулж байна. Аргентинтай бол тун хариуцлагагүй барилдсан. Олимпийн аваргыг хожих боломжоо алдаад  тэр шокноосоо гарч амжилгүй ялагдах шиг болсон. Тамирчин хүн яг өмнөө байгаа өрсөлдөгчдөө, өмнөх барилдаандаа л төвлөрч барилдах хэрэгтэй гэдэг дээ.

Өнөөдөр манай  Цагаанаа, Бундмаа, Гүндэгээ, Түвшинбат, Оюунгэрэл нар маань  олимпийн дэвжээнд өрсөлдөнө. Медалийн салхийг хагалах биз ээ.

“Таван цагариг”-ийн АНУ дахь сурвалжлагч Ц.Энхтүвшин

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш